brandНайгал Брэнд ХХК

Миний ном бэлгийн багц

130,000₮
Богино тайлбар
Миний ном цувралын 12 номыг багтаасан бэлгийн багц.

Миний ном тайлбар танилцуулга

 

Хүүхэд төрөхөөсөө уйлах, хашхирах реакцитай байдаг. Энэ нь хүүхдийн амьсгал, дуу хоолой, өгүүлэх эрхтний янз бүрийн нарийн нийлмэл хөдөлгөөнийг хөгжүүлж өгдөг. Төрснөөс хойш хүний ярианы аялгыг мэдэрч зөөлөн энхрий дуунд сэргэж, ширүүхэн дуунд уйлна. 2, 3 сартайдаа ганганаж, гунганаж эхлэх бөгөөд 5 сартайдаа авиаг сонсож өөрт нь хандан ярьж буй хүмүүсийн яриаг анхааран дуурайхыг эрмэлзэнэ.


📚 10 × 10 см хэмжээтэй,

📚8 хуудастай, 

📚хүүхдийн гарт эвтэйхэн, 

📚эдэлгээ даах материалаар хийгдсэн. 

 

Хар ба цагаан ном

Дөнгөж төрсөн нялх хүүхдийн нүдний торлог бүрхэвч бүрэн хөгжөөгүй байх бөгөөд 9 сар хүртлээ хөгжсөөр байдаг. Хүүхэд эхлээд хар болон цагаан, дараа нь саарлын төрлийн өнгөнүүд улмаар улаан өнгийг аажимдаа бусад өнгийг ялгаж хардаг байна. Тиймээс энэхүү хар цагаан ном нь нярай хүүхдийг төрөл бүрийн хээ, хэмжээ, хэлбэр бүхий зургуудтай танилцуулж, анхаарлаа төвлөрүүлж, хараагаа тогтоож сурахад нь тусална. Үүний зэрэгцээ амьтдын дуу авиаг дуурайн уншиж өгөх нь аав, ээжийнхээ ярианы аялгыг мэдэрч зөөлөн энхрий дуунд нь ээнэгших дотно бөгөөд хайрлагдсан цаг юм. Хүүхэд 2, 3 сартайдаа ганганаж, гунганаж эхлэх бөгөөд 5 сартайдаа авиаг сонсож өөрт нь хандан ярьж буй хүмүүсийн яриаг анхааран дуурайхыг эрмэлздэг. Яг л үүнд бэлдэж хүүхдэдээ номыг нь уншиж өгөөрэй.

 

Миний ном 1

Хүүхэд 3 сартайгаасаа ганганаж эхэлдэг. Эхний 6 сардаа амаа янз бүр болгон тоглож, шүлсний оролцоотойгоор байнга удаан ганганадаг. 6 сартайгаасаа юмыг сонсон анхаарч, өөрөө авиа бүтээх сонирхол нь улам ихэсдэг. Хүүхдүүд өөрийнхөө дуу хоолойг сонсох дуртай.

Энэ үе шатуудад эцэг эх, эгч дүүс нь нялх хүүхдэд хандан харилцааны болон тоглоомын хэлбэрээр үг өгүүлбэрээ давтан болон өөр өөр хувилбараар хэлэх зэргээр хэл ярианы хөгжлийг дэмжих хэрэгтэй. Яг л энэ үед нь даган дуулах, хөдөлгөөнийг нь хийнгээ шүлгээ унших боломжтой миний ном 1,2,3-ыг сонгоорой.

Үгийн сан нь огцом нэмэгдэж идэвхтэй үгийн нөөцөө ашиглан нэг болон хоёр үгт өгүүлбэрээр ярьж эхэлнэ. 

 

Миний ном 2 халуун орны амьтад

1-2 настайгаасаа эхлэн хүүхэд өгүүлбэр хэлж эхлэх бөгөөд өгүүлбэр нь нэг үгт, хоёр үгт өгүүлбэр байдаг. Тийм ч учраас нэг мөрөндөө 2-3 үгтэй, 4 эсвэл 6 бадагтай халуун оронд амьдардаг амьтдын тухай үйл явдалтай, танин мэдэхүйн шүлэгтэй.

Жишээ нь “Матар” шүлэгт ....

Матрын шүд

Маш их өвджээ

Эртлэн босоод

Эмнэлэгт очжээ

Эмч харин

Матраас айгаад...гэх мэт бичсэн. Хүүхдийн анхны цахиур нь ургаж эхэлснээс хойш одоо олон шүдтэй болсон. Хэрвээ хүүхэд шүдээ угаалгахгүй бол бас л эмчид очно шүү дээ.

Энэ мэт дэлгэрүүлэн ярилцах долоон шүлэг энэ номд багтсан.

2 нас хүрэх үед хүүхдийн хэл яриа хөгжиж ойролцоогоор 250- 300 үгийг хэрэглэдэг болсон байна. Харин авиа дуудлагыг хүүхэд аажмаар эзэмших бөгөөд энэ нь хүүхдийн өгүүлэх эрхтний хөгжилтэй салшгүй холбоотойгоор явагдана. Авиан дуудлага хэр зөв ярина тэр хэрээр сайн суралцана.

 

Миний ном 3

3 нас гэхэд хүүхэд 1000 орчим үгийн сантай болсон байдаг бөгөөд үгийн нөөц нь

хурдацтай нэмэгддэг. Гурван насны төгсгөл гэхэд эх хэлнийхээ хэлзүйн дүрмийг бараг эзэмшсэн байдаг. Энэ насанд ахуйн дадал хэвшлийг бий болгох, усанд орох, ном уншуулах, хамрын алчуур хэрэглэх, үсээ самнуулах зэрэг хүүхэд бүрийн багаасаа хийж сурах хувийн дадлыг олгоход зориулсан шүлэг дуугаар хүүхдийг төлөвшүүлэх зорилготой. Суралцангаа шинэ үгийн нөөцөө ч нэмнэ. Одоо таны хүүхэд гурван үгт өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх бөгөөд үргэлж л дуулах, бүжиглэх, тоглох дуртай үе дээрээ байна.

 

Миний ном 4 оньсого

Эрт дээр үеэс эхлэн оньсого, таавар нь хүүхдийн эргэцүүлэн бодох чадвар, анхаарлаа төвлөрүүлэн сонсох, авхаалж самбаа, оюун ухаан хөгжүүлэх дасгал болсоор ирсэн. Оньсого таалцах нь гэр бүлээрээ тоглох оюун ухааны зугаа тоглоом бөгөөд түүнийг уншиж, тогтооно гэдэг бас л хэл яриа хөгжүүлэх үгэн тоглоом юм.

Миний номын оньсого нь хүүхдийн хувцас, гуталд байдаг нэмэлт хэрэглэлийн тухай бөгөөд эдгээр нь бүхэн сайхан хувцаслахад ямар нэмэр тустай талаар хоорондоо ярилцах өргөн сэдэв юм.

 

Миний ном 5 улаан номд орсон амьтад

Хүүхэд 4 настайгаасаа энгийн болон нийлмэл өгүүлбэрээр ярьж сурна. Богино хэмжээний үлгэр, өгүүллэгийн агуулгыг ойлгоно. Нэмэлт асуултгүйгээр 40-50 өгүүлбэртэй үлгэр, өгүүллийг ярина. Гийгүүлэгч, эгшиг авианууд мөн хатуу зөөлөн гийгүүлэгч, сийгсэн шуугисан гийгүүлэгчийг ялган хэлж сурна. Хэвийн хөгжлийн үед дөрвөн насандаа төрөлх хэлнийхээ бүх авиаг ялган хүртэж сурсан байдаг. Хүүхэд 4 настайгаасаа эхлэн авиаг сонсож хүртэх, мэдрэх чадвар нь сайжирдаг байна. Эхлээд эгшиг гийгүүлэгчийг цаашид хатуу, зөөлөн гийгүүлэгчийг дараа нь сонсголонтой чичрэх /р, л/ сийгсэн / з, ц/ шуугисан /ш, с/ гийгүүлэгчдийг ялгаж хүлээн авдаг.


Миний ном 6 хэл зүгшрүүлэх үгс

Хэл зүгшрүүлэх үг нь зөвхөн хэл яриаг сайжруулах төдийгүй згийн баялгийг нэмэгдүүлэх, юмыг түргэн тогтоох, ой ухаандаа бат тогтоон цээжлэх, өгүүлбэрт үгийг зөв байрлуулан ярих дадлыг хүүхдэд сургадаг. Хэл зүгшрүүлэх үгийг хэлүүлэхдээ хүүхдийг яаруулахгүй, тод зөв уншаад ахин давтан хэлүүлэх замаар тайван хэлүүлнэ. Авиаг хүчтэй сул хэлэх буруу дуудах зэргээс хамаарч үгийн утга өөрчлөгдөх, өөр утга үүсдэг. Жишээ нь: Имрэх- ирмэх, засвар-завсар гэх мэт.

Цэвэр сайхан ярьж сурах нь эх хэлний мэдлэг сайтай хүний эрдэм чадал юм. Тийм болохоор өөрийн бодол санаагаа бусдад тод, зөв илэрхийлэхийн тулд аялгуу сайхан эх хэлнийхээ үг бүхийг зөв дуудаж нандигнан хадгалахыг хүүхдүүдэдээ багаас нь сургахад энэ ном тус болно.

 

Миний ном 7 “Ганцаараа унтдаг гавар” харилцааны үлгэр

Хүүхдийг ганцаараа унтаж сургахад олон талын хүчин чармайлт хэрэгтэй болдог. Хүүхдэд айдас, түгшүүр төрж зарим хүүхдэд гологдсон, хаягдсан мэдрэмж бий болдог. Ийм учраас хүүхдийг ганцаар нь унтуулахдаа гэнэтийн нэг өдрийн шийдлээр биш үлгэрийг нь орой бүр уншиж өгөөд аажим, аажимдаа дасгаарай.

 

Миний ном 8 “Шидэт тэврэлт” харилцааны үлгэр

Ойрхон насны ах дүү хоёрын хайр дүүрэн харилцааг хүүхдэдээ уншиж өгөөрэй. Хүүхэд номын зураг болон үйл явдлын өгүүлэмжийг өөртөө загвар болгон суралцаж байдаг. Шинэ үгийн нөөцөө бүрдүүлж, найрсаг харилцааг амьдралдаа ашиглана. Дүүгээ хайрлана, ахаа хүндлэнэ. Бие биенийхээ үнэ цэнийг мэдэрнэ. Хүүхдэд харилцааны анхны хичээлийг гэр бүлийнхэн нь зааж өгдөг. Том хүн хүүхэдтэй хэдий чинээ зөв, цэгцтэй ярина тэр хэмжээгээр хүүхдийн хэл ярианы суурь нь сайн тавигддаг. Том хүний яриа нуршуу байвал хүүхдийн ярих, сонсох чадварыг сааруулж, улмаар яг тийм ярианд хүүхэд суралцдаг. Харилцаа мөн адил. Гэр бүлийн гишүүд хоорондоо ямар харилцаатай байна хүүхэд түүнээс л даган дуурайж суралцана.

 

Миний ном 9 “Тоглоё, тоглоё” байгалийн дуу чимээг даган дуурайж дуулах

Энэхүү ном нь авиан ялгамжийг сайжруулах зорилгоор бичигдсэн бөгөөд

номоо уншиж өгөхийн өмнө зургийг харуулан байгалийн үзэгдлийг нэрлүүлнэ.

Хүүхдийн хэл ярианд үгийн давтамж онцгой нөлөөтэй. Шинэ үгээ ахин давтан хэлж харилцаандаа ашигладаг. Хүүхэд шинэ үгээ яриандаа ашиглаад өөрөө маш их баярладаг.

Хэл ярианд авиан дуудлагын хувьд төсөөтэй с, ш, ч, ц үсгийг дуудлагаар ялган давтамжаар хэлүүлж, хөдөлгөөнийг өөрчлөн зөв дуудлагаар хэлэх нь хүүхдэд амархан тогтоогдох заах арга юм. Энэ шүлэг нь өөрийн гэсэн аялгуутай дуу болсон бөгөөд “ХӨСӨГТӨН” хамтлагийн ахлагч УГЗ, Д.Ариунболд ая хийсэн билээ.

 

Миний ном 10 “Шидэт үгс” харилцааны үлгэр

Анхны бүх юм хэцүү. Бяцхан үрийн тань хувьд ч цэцэрлэг, сургуульд ороход бас л анхны том даваа. Найрсаг харилцаа, бусдад төвөггүй байх нь хувь хүн бүрийн сурсан байх энгийн зүйлс. Бусдад сайхан үг хэлж өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх бас бусдад талархаж, баярласнаа илэрхийлэх нь хүүхдийн заавал сурах харилцаа юм. Энэ бүгдийг бэлтрэг, бүжин хоёроор төлөөлүүлэн уншаарай.

 

Миний ном 11 “Живхтэй дүү минь” дээ

Хорвоотой дөнгөж танилцаж буй үрс маань бяцхан дүүтэй болохдоо балмагдаж, аав ээжийн хайр халамжаас дүүгийн нөлөөгөөр алсарч байгаа мэт мэдрэмж авах нь бий. Энэ үед томчууд бидний зүгээс түүнийг хайрлах хайр халамжаа зогсоогоогүй болохоо үзүүлж, илэрхийлж, бцяхан ах, эгч нар маань дүү нараа ч төдий чинээ хайрлаж, түүнээсээ баяр жаргал мэдэрч болохыг уг дуун шүлгээр ойлгуулахыг зорьсон билээ.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл